Япон айлд зочлох гэж байгаа бол 日本人の家庭に訪問するなら

Япончууд бол их нууцлаг байх дуртай хүмүүс. Та Япон хүнтэй уулзаж танилцсан бол шашин,цалин хөлс,хувийн амьдралын талаар нь асууж лавлахаас зайлсхийсэн дээр. Япончууд ялангуяа хувийн амьдралын талаараа маш нууц байлгахыг хичээдэг. Барагтай бол гэртээ хүн урьж цайлж дайлдаггүй. Үнэхээр дотно болсон найз нөхдөө л гэртээ урьж хоол хийж идэж ярьж сууцгаадаг. Та Япон айлд уригдсан бол эхлээд очиж амжих эсэхээ урьдчилж мэдэгдэх хэрэгтэй. Уригдаж очих гэж байгаа бол Япон айлд хоосон очиж болдоггүй юм. Япон хүмүүс өөрсдөө бие биенийдээ зочлохоор бол гол төлөв идэх юм авч очих нь элбэг. Тэр дундаа амтат жигнэмэг эсвэл тахианы шарсан мах гэх мэт олуулаа идэж болох зүйлсийг сонгодог. Япон айлд ороод үүдний хэсэгт нь мэнд мэдээд төвөг удаж байгаад уучлаарай(お邪魔します) гэж заавал хэлэх ёстой байдаг.

Монголд ийм ёс байхгүй болохоор хэлэхэд жаахан эвгүй байдаг. Тэгээд гэрт сайхан дайлуулж болох ч 00-ийн өрөө хэрэглэх үед заавал зөвшөөрөл авч явсан дээр байдаг. Япон хүмүүс жижиг зүйлсийг ч гэсэн маш их анхаарч хардаг болохоор тэдний соёлыг нь мэдэж байсан нь дээр байж магадгүй. Япон айлд байхдаа гэрийн эзэн,эзэгтэйн зөвшөөрөлгүй эд зүйлд нь хүрэхгүй байсан дээр. Хоолоо зооглохдоо тэдний ёсыг дагаж маш соёлтой байхаас гадна болж өгвөл хоолоо дуустал нь зоогловол гэрийн эзэгтэй маш их баярлах болно. Япончууд гэртээ хүн уривал маш ажил хэрэгчээр бэлтгэл хийдэг.

Ингэж бэлдсэн хоолыг нь бага идвэл жаахан сэтгэл дундуур байх магадлал өндөр. Таныг цадсан гэж бодохоос илүү хийсэн хоол маань амтгүй болсон байх гэж санаа зовдог хүмүүс. Энгийн яриа бол зүгээр боловч цалин мөнгө болон бусад хэн хэнээ эвгүй байдалд оруулж магадгүй сэдвийг алгассан дээр шүү. Хориотой сэдэв гэж ойлгосон ч болно. За ингээд харих үед бол сайхан дайлсанд баярлалаа гэж талархлаа сайн илэрхийлэхэд болнo.