Монгол брэндийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргана

Дэлхий даяар эко бүтээгдэхүүн хэрэглэх чин хандлагыг дагаад Монголын брэнд бүтээгдэхүүн зөвхөн эх орондоо төдийгүй гадаад зах зээлд гарах болсон. Гэхдээ гадаад зах зээлд гаргахад хэл усны бэрхшээлээс эхлээд тухайн зах зээлийг судлах, сонирхож буй талтай холбоо тогтоох гээд нилээдгүй асуудал гардаг. Монголын Эн Жи Тайо компани Японы Мегалит компанитай хамтран Монгол компаниудад Японы зах зээлд гарах боломжийг олгохоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Бид ЭнЖи Тайо компанийн захирал хатагтай Ц.Пүрэвдуламтай уулзаж ярилцсан юм.

– Компанийхаа тухай танилцуулахгүй юу?

– Би Японд арван хоёр жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Японд Монголыг ихээхэн сонирхдог, бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлал гээд. Сүүлийн үед энэ хандлага улам нэмэгдэх болсон. Тиймдээ ч би ЭнЖи Тайо буюу монголоор Наран мандах гэсэн компани байгуулж Монгол болон Японы компаниудыг хооронд нь зуучлах, Монгол брэндүүдийг Япон болон Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргахаар ажлаа эхлүүлсэн.

– Танайх Японд салбартай гэсэн

Манай компани Японы Жетро буюу Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын албан ёсны гишүүн, Японы зуучлалын Мегалит Аллаэйнс компанитай хамтран ажиллаж Япон, Монгол улсад нэг нэгнийгээ төлөөлдөг. Саяхан манай хамтрагч Мегалит Аллаэйнс компанийн захирал ноён Китано Монголд ирж компаниудтай уулзалт хийж ихээхэн сэтгэл хангалуун буцсан.

– Япон бол том зах зээл. Энэ зах зээлийг судлах, бараа бүтээгдэхүүн борлуулах боломж их байх гэж бодож байна

– Тэгэлгүй яахав. Манай хамтрагч Мегалит Аллаэйнс Монголын компаниудын хүсэлтийн дагуу тухайн бараа бүтээгдэхүүн, хэрэглэгчийн зах зээлийг судладаг. Бид энд үнэлгээ хийгээд хамгийн боломжтой Япон компанийг Монголын компанитай холбож тэдний бизнесийг өргөжүүлэх, шинээр эхлүүлэх ажлыг гардан явуулдаг.

– Танайх ямар чиглэлийн компаниудад зуучилж байна?

– ЭнЖи Тайо үндсэндээ дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь бизнес зуучлал. Монгол компаниуд манай дээр ирж бизнесийн ямар салбарыг сонирхож байгаа, ямар бүтээгдэхүүн гаргах гэж байгаа талаар мэдээллээ өгдөг. Бид мэдээлэл дээр үндэслээд өөрийн болон Япон дахь салбар, Мегалит Аллаэйнсын мэдээллийг сангаас Монгол компанид тохирох Японы компаниудыг хайж хооронд нь зуучилдаг. Одоогоор жигнэмэг үйлдвэрлэл, чулууны компаниудын хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Япон улс насжилт өндөртэй улсын тоонд ордог. Хүн амын ердөө 30 хүрэхгүй хувь нь 40 хүртэл насныхан байдаг учир тодорхой салбарууд хүн хүч маш дутмаг байдаг. Тийм болохоор бид ажил үйлчилгээ үзүүлэх Монгол компаниудыг бас холбож өгч байна. Япон улс Зүүн өмнөд Азийн улсуудаас бас Энэтхэгээс мэдээлэл технологийн буюу бидний ярьж заншсанаар IT чиглэлээр ихээхэн үйлчилгээ авдаг. Япончуудын  90 гаруй хувь нь интернетийг ашигладаг учир гар утасны application-ы эрэлт маш их байдаг. Тиймдээ бид одоо яг мэдээлэл харилцааны чиглэлээр ажилладаг, программ хангамж боловсруулдаг, хэлний мэдлэгтэй компаниудын санг бүрдүүлж байна.

– Түрүүн та жигнэмэг үйлдвэрлэдэг Монгол компанийн ажлыг эхлүүлээд байна гэсэн. Тэр талаар тодруулахгүй юу?

– Бидэнд хүсэлт тавьсан нэг компани олон улсын стандарт хангасан жигнэмэг үйлдвэрлэх сонирхолтой. Бид Японы компаниудаас тохирох жижиг үйлдвэрийг хайж тоног төхөөрөмж бас технологи нийлүүлэх компанитай холбоод байна. Цаашдаа Монгол компани маань Японы технологи, төхөөрөмжийг ашиглаад Монголдоо жигнэмэг үйлдвэрлээд Японы зах зээлд гаргах бизнес төлөвлөгөө гараад ажилдаа орж байна.

– Өөр ямар чиглэлээр бизнесийн түншээ хайх эсхүл хэрэглэгч олох боломжтой вэ?

– Түрүүн би хэлсэн, Япон бол маш том зах зээл гэж. Тийм болохоор боломж маш их. Гар аргаар үйлдвэрлэсэн саванг бид Японд гаргах гээд бэлтгэл ажлаа хийж байна. Зах зээл том учраас хэмжээ, чанарын асуудал л гол болдог. Нэг ачилтын хэмжээ хамгийн багадаа 20 тонн, дээр нь ямар нэг гологдолгүй бараа байх ёстой.

– Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүний төрлүүдийн талаар

– Монгол барааг Япончууд эко гэж хардаг. Цэвэр хөрсөнд ургасан хүнс, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гээд.

– Монголын компаниуд танайд хэр их хандаж байна?

– Манай мэдээллийн санд одоогоор 30 гаруй компани байгаа, албан ёсоор хүсэлтээ гаргаж түнш, худалдан авагчаа хайлгаж байгаа зургаан компани байгаа.

– Танайхтай хэрхэн холбоо барьж болох вэ?

– Та Японд бүтээгдэхүүн гаргах, Японоос бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмж, технологи хайж байгаа бол 99256105 утсаар ярьж холбоо барьж болно.