Монгол брэндийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргана

Дэлхий даяар эко бүтээгдэхүүн хэрэглэх чин хандлагыг дагаад Монголын брэнд бүтээгдэхүүн зөвхөн эх орондоо төдийгүй гадаад зах зээлд гарах болсон. Гэхдээ гадаад зах зээлд гаргахад хэл усны бэрхшээлээс эхлээд тухайн зах зээлийг судлах, сонирхож буй талтай холбоо тогтоох гээд нилээдгүй асуудал гардаг. Монголын Эн Жи Тайо компани Японы Мегалит компанитай хамтран Монгол компаниудад Японы зах зээлд гарах боломжийг олгохоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Бид ЭнЖи Тайо компанийн захирал хатагтай Ц.Пүрэвдуламтай уулзаж ярилцсан юм.

– Компанийхаа тухай танилцуулахгүй юу?

– Би Японд арван хоёр жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Японд Монголыг ихээхэн сонирхдог, бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлал гээд. Сүүлийн үед энэ хандлага улам нэмэгдэх болсон. Тиймдээ ч би ЭнЖи Тайо буюу монголоор Наран мандах гэсэн компани байгуулж Монгол болон Японы компаниудыг хооронд нь зуучлах, Монгол брэндүүдийг Япон болон Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргахаар ажлаа эхлүүлсэн.

– Танайх Японд салбартай гэсэн

Манай компани Японы Жетро буюу Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын албан ёсны гишүүн, Японы зуучлалын Мегалит Аллаэйнс компанитай хамтран ажиллаж Япон, Монгол улсад нэг нэгнийгээ төлөөлдөг. Саяхан манай хамтрагч Мегалит Аллаэйнс компанийн захирал ноён Китано Монголд ирж компаниудтай уулзалт хийж ихээхэн сэтгэл хангалуун буцсан.

– Япон бол том зах зээл. Энэ зах зээлийг судлах, бараа бүтээгдэхүүн борлуулах боломж их байх гэж бодож байна

– Тэгэлгүй яахав. Манай хамтрагч Мегалит Аллаэйнс Монголын компаниудын хүсэлтийн дагуу тухайн бараа бүтээгдэхүүн, хэрэглэгчийн зах зээлийг судладаг. Бид энд үнэлгээ хийгээд хамгийн боломжтой Япон компанийг Монголын компанитай холбож тэдний бизнесийг өргөжүүлэх, шинээр эхлүүлэх ажлыг гардан явуулдаг.

– Танайх ямар чиглэлийн компаниудад зуучилж байна?

– ЭнЖи Тайо үндсэндээ дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь бизнес зуучлал. Монгол компаниуд манай дээр ирж бизнесийн ямар салбарыг сонирхож байгаа, ямар бүтээгдэхүүн гаргах гэж байгаа талаар мэдээллээ өгдөг. Бид мэдээлэл дээр үндэслээд өөрийн болон Япон дахь салбар, Мегалит Аллаэйнсын мэдээллийг сангаас Монгол компанид тохирох Японы компаниудыг хайж хооронд нь зуучилдаг. Одоогоор жигнэмэг үйлдвэрлэл, чулууны компаниудын хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Япон улс насжилт өндөртэй улсын тоонд ордог. Хүн амын ердөө 30 хүрэхгүй хувь нь 40 хүртэл насныхан байдаг учир тодорхой салбарууд хүн хүч маш дутмаг байдаг. Тийм болохоор бид ажил үйлчилгээ үзүүлэх Монгол компаниудыг бас холбож өгч байна. Япон улс Зүүн өмнөд Азийн улсуудаас бас Энэтхэгээс мэдээлэл технологийн буюу бидний ярьж заншсанаар IT чиглэлээр ихээхэн үйлчилгээ авдаг. Япончуудын  90 гаруй хувь нь интернетийг ашигладаг учир гар утасны application-ы эрэлт маш их байдаг. Тиймдээ бид одоо яг мэдээлэл харилцааны чиглэлээр ажилладаг, программ хангамж боловсруулдаг, хэлний мэдлэгтэй компаниудын санг бүрдүүлж байна.

– Түрүүн та жигнэмэг үйлдвэрлэдэг Монгол компанийн ажлыг эхлүүлээд байна гэсэн. Тэр талаар тодруулахгүй юу?

– Бидэнд хүсэлт тавьсан нэг компани олон улсын стандарт хангасан жигнэмэг үйлдвэрлэх сонирхолтой. Бид Японы компаниудаас тохирох жижиг үйлдвэрийг хайж тоног төхөөрөмж бас технологи нийлүүлэх компанитай холбоод байна. Цаашдаа Монгол компани маань Японы технологи, төхөөрөмжийг ашиглаад Монголдоо жигнэмэг үйлдвэрлээд Японы зах зээлд гаргах бизнес төлөвлөгөө гараад ажилдаа орж байна.

– Өөр ямар чиглэлээр бизнесийн түншээ хайх эсхүл хэрэглэгч олох боломжтой вэ?

– Түрүүн би хэлсэн, Япон бол маш том зах зээл гэж. Тийм болохоор боломж маш их. Гар аргаар үйлдвэрлэсэн саванг бид Японд гаргах гээд бэлтгэл ажлаа хийж байна. Зах зээл том учраас хэмжээ, чанарын асуудал л гол болдог. Нэг ачилтын хэмжээ хамгийн багадаа 20 тонн, дээр нь ямар нэг гологдолгүй бараа байх ёстой.

– Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүний төрлүүдийн талаар

– Монгол барааг Япончууд эко гэж хардаг. Цэвэр хөрсөнд ургасан хүнс, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гээд.

– Монголын компаниуд танайд хэр их хандаж байна?

– Манай мэдээллийн санд одоогоор 30 гаруй компани байгаа, албан ёсоор хүсэлтээ гаргаж түнш, худалдан авагчаа хайлгаж байгаа зургаан компани байгаа.

– Танайхтай хэрхэн холбоо барьж болох вэ?

– Та Японд бүтээгдэхүүн гаргах, Японоос бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмж, технологи хайж байгаа бол 99256105 утсаар ярьж холбоо барьж болно.

Япон айлд зочлох гэж байгаа бол 日本人の家庭に訪問するなら

Япончууд бол их нууцлаг байх дуртай хүмүүс. Та Япон хүнтэй уулзаж танилцсан бол шашин,цалин хөлс,хувийн амьдралын талаар нь асууж лавлахаас зайлсхийсэн дээр. Япончууд ялангуяа хувийн амьдралын талаараа маш нууц байлгахыг хичээдэг. Барагтай бол гэртээ хүн урьж цайлж дайлдаггүй. Үнэхээр дотно болсон найз нөхдөө л гэртээ урьж хоол хийж идэж ярьж сууцгаадаг. Та Япон айлд уригдсан бол эхлээд очиж амжих эсэхээ урьдчилж мэдэгдэх хэрэгтэй. Уригдаж очих гэж байгаа бол Япон айлд хоосон очиж болдоггүй юм. Япон хүмүүс өөрсдөө бие биенийдээ зочлохоор бол гол төлөв идэх юм авч очих нь элбэг. Тэр дундаа амтат жигнэмэг эсвэл тахианы шарсан мах гэх мэт олуулаа идэж болох зүйлсийг сонгодог. Япон айлд ороод үүдний хэсэгт нь мэнд мэдээд төвөг удаж байгаад уучлаарай(お邪魔します) гэж заавал хэлэх ёстой байдаг.

Монголд ийм ёс байхгүй болохоор хэлэхэд жаахан эвгүй байдаг. Тэгээд гэрт сайхан дайлуулж болох ч 00-ийн өрөө хэрэглэх үед заавал зөвшөөрөл авч явсан дээр байдаг. Япон хүмүүс жижиг зүйлсийг ч гэсэн маш их анхаарч хардаг болохоор тэдний соёлыг нь мэдэж байсан нь дээр байж магадгүй. Япон айлд байхдаа гэрийн эзэн,эзэгтэйн зөвшөөрөлгүй эд зүйлд нь хүрэхгүй байсан дээр. Хоолоо зооглохдоо тэдний ёсыг дагаж маш соёлтой байхаас гадна болж өгвөл хоолоо дуустал нь зоогловол гэрийн эзэгтэй маш их баярлах болно. Япончууд гэртээ хүн уривал маш ажил хэрэгчээр бэлтгэл хийдэг.

Ингэж бэлдсэн хоолыг нь бага идвэл жаахан сэтгэл дундуур байх магадлал өндөр. Таныг цадсан гэж бодохоос илүү хийсэн хоол маань амтгүй болсон байх гэж санаа зовдог хүмүүс. Энгийн яриа бол зүгээр боловч цалин мөнгө болон бусад хэн хэнээ эвгүй байдалд оруулж магадгүй сэдвийг алгассан дээр шүү. Хориотой сэдэв гэж ойлгосон ч болно. За ингээд харих үед бол сайхан дайлсанд баярлалаа гэж талархлаа сайн илэрхийлэхэд болнo.

ЯПОНЫ КОМПАНИУД ХУВИЙН ДУГААРГҮЙ ГАДААД ИРГЭНИЙГ АЖИЛД АВБАЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БОЛЖЭЭ

Манай улсын иргэд гадаадын олон оронд сурч, ажиллаж, хөдөлмөрлөдөг. Тэр дундаа Азийн орнууд болох Япон, Солонгос, Хятад зэрэг эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй орнуудад ажиллаж буй монгол иргэд их. Ингэхдээ тухайн улсын хэдэн сарын хугацаатай буюу аялалын виз даруулчихаад цаашаа хугацаагүй ажил хийх бодолтой хүмүүс цөөнгүй.Тэгвэл Японы Засгийн газраас бүх гадаад иргэдэд хувийн дугаар өгч байгаа гэнэ. Энэ хувийн дугаартай хүмүүс л ажил хийх боломжтой аж. Японы компаниуд хувийн дугааргүй гадаад иргэнийг ажилд авах юм бол хуулийн хариуцлага хүлээдэг болжээ. Тийм болохоор японд ирээд харлаж ажил хийх боломжгүй болсон гэсэн үг. Үүнийг мэдсээр байж виз гаргана гэж хүмүүсээс их хэмжээний мөнгө аван хохироож байгаа тохиолдол их гарах болсон. Аялалын визээр очиж буй хүмүүсд хувийн дугаар өгдөггүй болохоор өмнөх шигээ харлаж ажиллах боломжгүй

ЯПОН САМУРАЙД ДУРЛАСАН ОРОС БҮСГҮЙН ТҮҮХ

Нулимс урсан барин уншиж дууслаа. ОХУ-ын Прогресс тосгоны оршин суугч, 94 настай эмээ Ямар гайхалтай түүх вэ! Үнэхээр сайхан хайрын түүх байна.

Клавдия Новиковаг сүүлчийн замд нь үдэхээр хэдхэн хүн цугларсан байлаа. Түүнд хамаатан садан бараг үлдээгүй, найз нөхөд нь ч хэдийнэ нөгөө ертөнцөд очжээ. Харин орос эмээгийн үхлийн талаар Япон даяар шуугиж, төв телевизээр нь “Ясабүро саны орос эхнэр нас барлаа” хэмээн мэдээлж байв. Клавдия Новиковагийн амьдралын талаар хэдэн арван нийтлэл, ном хэвлэгдэж, кино гаран, жүжиг хүртэл тавигдаж байсан. Энэ эмэгтэй Японд хайр дурлалын бэлэг тэмдэг, хайртынхаа төлөө өөрийгөө золиосолсон жинхэнэ дурлалын жишээ болсон юм. 37 жил хамт амьдарсан нөхрөө эх орондоо харьж, гэр бүлийнхэн, эхнэр хүүхэд дээрээ оч хэмээн Клавдия өөрөө ятгасан байдаг. Ингээд япон самурайд дурласан орос бүсгүйн түүхийг сонирхуулъя.
Клавдия, Ясабүро хоёр 1959 онд танилцжээ. Аль аль нь Сталины үеийн хэлмэгдүүлэлтийг даван туулж, Клавдия улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр долоон жил, Ясабүро Японы тагнуул гэгдэн, арван жил шоронд хоригдоод гарсан байв. Хувийн амьдрал нь ч ээдрээтэй, зовлон зүдгүүр туулсан улсууд уулзсан хэрэг. Клавдия дайнаас өмнө нөхөрт гарч, хүүхэд төрүүлэн, бусдын адил эр нөхрөө дайнаас ирэхийг хүлээж байв. Гэвч түүнийг шоронд хорин, Колымд цөлөхөд нөхөр нь ялтан эхнэртэй байхыг хүссэнгүй, Клавдияг хаяж, шинэ гэр бүлтэй болжээ. Ясабүро Хачиягийн хувь заяа ч мөн л гунигтай. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө тэрбээр гэргийн хамт Солонгост амьдарч байв. Хүү, охинтой болж, амьдрал нь ид жигдэрч байтал 1945 оны намар Зөвлөлтийн цэрэг Солонгост орж ирлээ. Тэнд байсан бүх япончуудыг тагнуул хэмээн баривчилж, Ясабүрог мөн л Колымд цөлжээ. Түүнээс хойш тэр гэр бүлийнхнээ дахин харсангүй.
Шоронгоос суллагдсан Ясабүрогийн нэрийг Япон руу буцах цэргийн хоригдлуудын жагсаалтад бичихээ мартаж орхисон тул ЗХУ-д үлдэхээс өөр аргагүй болов. Эхнэр хүүхдүүдээ үрэгдсэн гэж бодож байсан учир Японд буцах гэж ч хичээсэнгүй. Ингээд л Зөвлөлтийн иргэн болж, нэрээ Яков Иванович болгон өөрчилжээ. Клавдия “Бид Брянщин тосгонд анх танилцаж билээ. Ази царайтай, туранхай залуугийн нүдэнд шингэсэн гунигийг хараад зүрх шимширсэн. Хиртэй хувцастай мөртлөө хоолныхоо халбагыг уран зураачийн бийр юм шиг л барьчихсан сууж байсан. Буриад, кыргыз юм болов уу гэж бодож байтал харин япон байж таарсан. 1960 оны эхээр нэг найз маань Алс Дорнодын Прогресс тосгонд урьж, би тэнд очсон. Ясабүро надтай хамт байхыг хүсэж байна гээд л захиа бичдэг байлаа. Гэвч би айгаад дандаа татгалзсан хариу өгдөг байсан. Зөвхөн дотнын найздаа л цэргийн хоригдол байсан хүнтэй захидлаар харилцдагаа хэлж, бусдаас тас нуудаг байсан” гэж хожим нь дурсан ярьсан байдаг. Гэвч Ясабүро самурай хүний шаргуу зангаараа бууж өгсөнгүй, Прогресст хүрээд ирлээ. “Хаалга нээтэл Ясабүро зогсож байна. “Үсчин, мужаан ямар ч ажил байсан хийнэ. Гол нь чамтай л хамт баймаар байна” гэж хэлж байлаа. Эхлээд сахлаа хусчих даа гэж хэлээд шууд бид гэрлэсэн” гэж Клавдия ярьж байлаа.
Тэд 37 жил хамт амьдарсан юм. Ясабүро үсчин, зурагчны ажил хийж, зарим үед зүү төөнүүрээр хүн эмчилнэ. Эхнэртэйгээ хамт хүнсний ногоо тарин, ямаатай болж, зөгийн аж ахуй ч эрхэлж эхэллээ. Баян тансаг биш ч эвтэй найртай, тайван сайхан амьдарч байв. Даанч бурхнаас тэдэнд үр хүүхэд заяасангүй. Ясобүрог эхнэрээ загнаж байхыг энэ 37 жилд тосгоныхон нэг ч удаа харж байгаагүй гэдэг.

“Миний Ясабүро шиг эрийг хайгаад ч олохгүй. Архи уухгүй, тамхи татахгүй. Тосгоны хүүхнүүд бүгд надад атаархдаг байлаа” гэж Клавдия нөхрөө магтдаг байв. Тэд нэг өдөр хамтдаа нас барна гэж найдаж, ярилцдаг байжээ. Тэтгэвэрт гарсан хойноо Ясабүро хоёр авс хийж, агуулахдаа хадгалан, хамтдаа өнгөрөх цагаа хүлээж байсан юм. Гэвч тэр авс тэдэнд хэрэг болсонгүй.
Өөрчлөн байгуулалт эхэлж, хүйтэн дайн дуусах үеэр нэг танил нь Прогресс тосгонд амьдарч байгаа хачирхалтай япон эрийн талаар япончуудтай хамт бизнес эрхэлдэг найздаа сонирхуулжээ. Түүний япон түншүүд нутаг нэгтнийхээ сонирхолтой түүхийг сонсоод, гэр бүлийнхнийг нь хайж эхэлсэн байна. Ингээд эхлээд ахыг нь, дараа нь эхнэр хүүхдийг нь олж чадлаа. Эхнэр Хисако нь хүнтэй гэрлэлгүй, Ясабүрог 51 жил хүлээжээ. Хүү нь Солонгост нас барж, охинтойгоо Японд буцан ирсэн тэрбээр жижигхэн байшин барих гэж бүх амьдралынхаа турш мөнгө хураасан байна. Эр нөхрөө амьд эсэхийг мэдэхгүй байсан ч Хисако байшингаа нөхрийнхөө нэр дээр бүртгүүлж, банкинд ч нөхрийнхөө нэрээр данс нээсэн байлаа.
Ясабүрогийн ах, охинтой нь цуг Прогресс тосгонд ирж, эх орондоо харихыг ятгасан ч тэр татгалзлаа. “Би чамайгаа юу гэж орхих вэ. Чи бол миний амьдрал” хэмээн тэр гэргийдээ хэлж байв. Ингээд Клавдия өөрөө нөхрөө эх оронд нь буцаахаар шийдсэн юм. Тэр нөхрөө Орост урт наслахгүй гэдгийг нь мэдэж байв. Ясабүрогийн нуруу өвдөж, бие нь доройтсон байлаа. Харин Японы эмнэлэг настан хөгшчүүлд сайн үйлчилдэг, чанартай. Тэгээд ч түүний япон эхнэр үхэхийнхээ өмнө эр нөхрөө харж, тэврэх ёстой. Клавдия Ясабүрод гадаад паспорт гарган өгч, хадгаламжийн мөнгөө доллараар солиулж, гэр бүл салах өргөдлөө өгсөн байна. Учир нь Орост гэр бүлтэй бол Ясабүро Японд тэтгэвэр авч, өв хөрөнгө эзэмших эрхгүй болох гээд байлаа. 1997 оны гуравдугаар сард Клавдия хайртаасаа үүрд салсан юм. “Хисако бид хоёр түүний хууль ёсны гэргий. Ясабүро бид хоёрыг аз жаргалтай амьдарч байхад Хисако нөхрөө хүлээж байлаа. Тийм болохоор тэр ч гэсэн эр нөхрөө харах эрхтэй. Би түүнийг дайнд үдэж буй мэт л гаргаж өгсөн. Дуу дуулж, инээгээд л, надад ямар хүнд байгааг битгий мэдээсэй гэж бодож байлаа. Орой нь гэртээ ирж, орон дээрээ унаад л уйлж эхэлсэн дээ” гэж тэр ярьсан.
Эх орондоо харьсан Ясабүро түүнд байнга бэлэг илгээн, бямба гариг бүр утсаар ярьж, Японд ирэхийг урьдаг байлаа. Японы нэгэн нэртэй зохиолч Клавдиягийн талаар ном бичиж, кино хийснээр, даруу төлөв орос эмээ Япон даяар алдартай болов. Токиогийн ойролцоох Тоттори мужийн иргэд орос эмээгийн Японд ирэх зардлыг цуглуулах аян зохион байгуулж, улс орон даяараа Клавдияг хүлээж байлаа. Клавдия наян нас хүрсэн хойноо Японд ирэхэд түүнийг үндэсний баатар шиг л хүлээж авсан. Онгоцны буудал дээр тэр хайрт Ясабүрогийнхоо япон эхнэртэй анх уулзсан юм. Эмэгтэйчүүд тэврэлдэн, уйлалдлаа. Тэд нэг нэгнээ дэндүү сайн ойлгож байсан тул орчуулагч хэрэг байсангүй.
Клавдия Японд дахин хоёр удаа ирэхдээ нэгд нь япон хоригдол, орос бүсгүйн хайрын түүхийг өгүүлсэн жүжгийн нээлтэд оролцож байлаа. Ирэх болгонд нь түүнийг Японд үлдээх гэж Ясабүро ятгадаг байсан ч Клавдия зөвшөөрсөнгүй. Япон гэргий нь насан эцэслэсний дараа Ясабүро Прогресс тосгонд эргэн очихыг гуйсан ч тэрбээр зөвшөөрсөнгүй. Учир нь тэр хайртыгаа хүн шиг сайхан амьдраасай гэж хүсэж байв. Клавдия насан эцэс болтлоо ганцаараа амьдарч, хэнээс юу ч гуйхгүй амьдарсан. Тосгоныхон нь түүний талаар “Клава эмээ өнгөрөн өнгөртлөө ногоогоо өөрөө тарьж, түлээгээ хагалдаг байсан” гэж дурсаж байна.

Прогресс тосгоны иргэн Алексей Исаакович нь Клавдия, Ясабүро нартай гучин жил нөхөрлөсөн хүн. Ясабүро Япон руу буцахдаа эхнэрийг минь харж яваарай гэж түүнд захьжээ. Алексей Исаакович найзынхаа захиасыг биелүүлж, сүүлчийн өдөр хүртэл Клавдиятай хамт байсан юм.
Тэрбээр оршуулгын ёслолыг зохион байгуулж, Клавдияг нэр хүндтэйгээр үдсэн. Клавдия Леонидовна ямар ч харамсах зүйлгүй, аз жаргалтайгаар нөгөө ертөнцийг зорин одсон. Хайрт Ясабүро нь эх орондоо жаргалтай амьдарч байхад өөр юу түүнд хэрэгтэй гэж. Клава эмээ өнгөрөхдөө нүүрэнд нь инээмсэглэл тодорч, Аригато гэж хэлсэн гэдэг.
Клавдия нас барсан мэдээ Японд гарахад Прогресс тосгонд Наран орноос маш олон захиа ирсэн байна. Түүний нэг нь Ясабүрогийн захидал байлаа. Ясабүро хайртдаа зориулан, яг л амьд мэнд байгаа юм шиг бичсэн байдаг.
“Клавдия хайрт минь. Чамайгаа бурхны оронд одсон мэдээг би авлаа. Үнэхээр гунигтай байна. Би наймдугаар сарын 30-нд 96 насныхаа төрсөн өдрөөр чам руу залгаад утсаар ярьж чадаагүй. Орост чамтайгаа хамт өнгөрүүлсэн 40 жилийн турш чи үргэлж надтай хамт байж, дэмжиж тусалж ирсэн. Үнэхээр их баярлалаа. Чиний ачаар л би эх орондоо харьж, чадсан. Би үүнд чинь үнэхээр их талархдаг шүү. Хоёулаа хамтдаа үхнэ гээд авс хийж байснаа эргэн санаж байна. Хэрэв чаддагсан бол чамруугаа нисэж очин, зүрхэндээ чанга гэгч нь тэврэхсэн. Тайван унт даа, хайрт Клавдия минь. Чиний Ясабүро…”
Эх сурвалж: Сугар

Японы зочломтгой ёс гэж юу вэ?

Японы нийслэл Токио хотод ажилласан сэтгүүлчийн хоёр дахь тэмдэглэлээ япончуудын зочломтгой ёс, үйлчилгээний соёлын сэдвээр бичихээр шийдлээ. Тэмдэглэл маань Япон оронд очоод төрсөн сэтгэгдэл, эргэцүүлэл, түүндээ үндэслэсэн багахан хэмжээний судалгаанаас бүрдэж байгаа юм.
Японд очсон гадаад хүмүүсийн сонирхлыг хамгийн их татдаг нэг зүйл бол япончуудын “дэндүү” гэмээр эелдэг зан. Сэтгүүлч миний хувьд энэ нь Токиод буусан өдрөөс эхлээд гайхал төрүүлж байлаа. Япончууд хоорондоо, тэр тусмаа зочидтойгоо ярианы эхлэл болон төгсгөлд заавал, заримдаа бүр өгүүлбэр болгонд бөхөлзөөд байх шиг санагдав.Энэ их эелдэг зан сэтгэл хөдлөл, дотоод төлөвөө нуух гэсэн оролдлого уу, эсвэл япончууд үнэхээр ийм хүмүүс үү гэдэг нь тун сонирхолтой байлаа.
“Омотэнаси” гэдгийг голдуу “Японы зочломтгой ёс” гэж орчуулдаг аж. Гэхдээ үгийн уг утга нь дээд зэргийн эелдэг зан, орчинтойгоо зохицолд орших, сөргөлдөөнөөс зайлсхийх гэсэн үг аж. Омотэнаси бол япончуудын өдөр тутмын амьдралын хэв маяг.
Япон хүн ханиад хүрвэл бусдад халдаахгүйн тулд заавал маск зүүнэ. Гудамжинд, байгууллагын байранд, метронд гэх мэт олон газар маск зүүсэн хүмүүстэй таарч байсны учир нь энэ аж.
Япон айл гэртээ засвар хийхдээ хөршүүддээ бэлгийн ууттай угаалгын нунтаг өгнө. Учир нь хөршүүд засварын дараа барилгын тоос болсон хувцсаа угаана.
Дэлгүүр, ресторанд зочдыг бөхийн угтаж, “Ирашаймасе!” (“Тавтай морилно уу!”) гэж хэлнэ.

Худалдагч мөнгөний хариулт өгөхдөө зоосыг унагахгүйн тулд үйлчлүүлэгчийн гар доор гараа дэвсэж өгнө. Худалдан авагч дэлгүүрээс гарч явахад харагдахаа болих хүртэл үүдэн дээрээсээ гаргаж өгнө. Ингэж хүндлүүлсэн хүн хариу хүндлэл үзүүлэхээс өөр аргагүй.
Хүмүүсээс гадна эд зүйлс ч омотэнаси-г мөрдөнө. Зорчигч ойртон ирэхэд таксины хаалга өөрөө онгойно. Дүрэмт хувцастай, цагаан бээлийтэй жолооч цайны мөнгө авахгүй.
Цахилгаан шат удаж ирсэндээ уучлал гуйна. Таныг бие засах өрөөнд ороход суултуурын таг өөрөө сөхөгдөнө. Гэхдээ бидний буудалласан зочид буудалд ийм зүйл байсангүй.
Зам дээр засвар хийж буйг илтгэсэн тэмдэг дээр бөхийн ёсолсон барилгачныг дүрсэлсэн байдаг.
Японы уламжлалд тухайн хүн хэдий чинээ хөндлөнгийн байна, төдий чинээ эелдэг хандах ёстой. Тиймээс гадаадын хүмүүс /”гайдзи” буюу хөндлөнгийн хүмүүс/ өөрт нь тэгж их хүндэтгэлтэй хандахад барьц алдах нь бий.
Омотэнаси бол зөвхөн зочдод хүндэтгэлтэй хандах тухай биш юм. Энэ уламжлал япон хүний нялх балчраас яс, маханд нь шингэсэн зүйл юм.
Япон хүн “Хүн таньд сайн зүйл хийсэн бол сайн зүйл хийж хариу барь. Харин муу зүйл хийсэн бол тэр хүнд муу юм битгий хий” гэсэн зарчим баримталдаг.
Гэсэн хэдий ч омотэнаси чухам хаанаас эхлэлтэй вэ гэсэн асуулт үлдэж байна. Япон судлаачдын үздэгээр энэ уламжлал Японы цайны ёслол, тулааны урлагаас бий болжээ. Тиймээс омотэнаси нь “үйлчилгээний бурхан” гэсэн утгыг илэрхийлэх нь бий. Энэ нь цэвэр цайны ёслолын нэр томъёо юм. Гэрийн эзэн зочдоо хүндлэх үүднээс хамгийн тохиромжтой сав суулга, цэцэг, чимэглэлийн зүйлээр зөв уур амьсгал бүрдүүлнэ, гэхдээ хариу горьдох ёсгүй. Ирсэн зочид эзний хичээл зүтгэлийг ойлгож хариуд нь дээд зэргийн талархал илэрхийлнэ. Ийм байдлаар цайны ёслолын бүх оролцогчид хүндлэл дүүрсэн орчинд байж чаддаг. Энэ хүндлэл нийтийн ашиг тус хувийн ашиг тусаас чухал гэсэн итгэл үнэмшилд үндэслэдэг.
Түүнээс гадна эелдэг зан, нинжин сэтгэл нь “бусидо” /”дайчны зам”/ буюу самурайн ёс зүйн кодекст үндсэн үнэт зүйл болдог аж. Дундад зууны Европын рыцаруудын кодекстой нэгэн адил энэхүү дүрэм нь нэр төр, сахилга бат, ёс суртахуунаас гадна бөхийхөөс цай аягалах хүртэл үйл хөдөлгөөнийг нарийн зохицуулсан зааварчилгаатай.
Буддын ухаан, синтоизмд үндэслэсэн самурайн ёсонд хүн сэтгэл хөдлөлөө барьж, дотоод амар амгаланг сахиж, бусдад, тэр тусмаа дайсандаа хүндэтгэлтэй ханддаг.
Ийнхүү бусидогийн дүрэм Японы нийгэмд хүний биеэ авч явах байдалд үндэс болжээ.
Япон эелдэг зангийн хамгийн таатай тал нь маш түргэн “халдварладаг”. Гаднаас ирсэн хүн өөрөө ч анзааралгүй эргэн тойрондоо эелдэг, зөөлөн хандаж эхэлдэг. Бидний гурван сэтгүүлчийн хувьд эхний өдрүүдэд уулзаж, ярилцсан хүмүүстээ бөхийж ёслохоо заримдаа мартчихдаг байсан ч эцэстээ энэ бүхнийг нь ном дүрмээр хийдэг болов.
Энэ халдварыг авсан хүн олсон хэтэвчийг цагдаад хүргэж, бусад жолооч нарт зам тавьж, гудамжинд хог хаяхгүй байж, чанга дуугаар ярихгүй, олон нийтийн газар шүлсээ хаяхгүй байж сурдаг.  
Г.Даваадорж

Өглөө босоод заавал ус ууж заншаарай

Япон улсад өргөн хэрэгдэгдэж байгаа гайхамшигтай нэгэн эмчилгээ бол өглөө босонгуутаа тэр даруй 4 стакан ус ууснаар ужиг хууч өвчин төдийгүй орчин үед шинээр үүсэж байгаа өвчин нь хүртэл 100 % илааширч эдгэж буйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ. Үүнд : Толгой өвдөх, зүрх судасны өвчин, хэт зүрх цохилох, таргалалт, бронхит, багтраа , сүрьеэ, менингет, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоодны өвчин, суулгалт, өтгөн хаталт, нүд чих хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл, сарын тэмдгийн хэм алдагдах, хавдар зэрэг өвчнүүд амжилттай эмчлэгджээ. Та бүхний анхааралд :

1. Өглөө босонгуутаа шүдээ угаахаасаа өмнө өлөн байхдаа шүүсэн цэвэр ус 4 стаканыг уу !

2. Тэгээд та дараа нь шүдээ угаах буюу амаа цэвэрлээд 45 минут юу ч битгий уу юу ч битгий ид.

3. 45 минутын дараа та өглөөний цайгаа хэвийн ууж идэж болно .

4. Өглөөний цайгаа уусны дараа 2 цаг юу ч битгий уу, юу ч битгий идээрэй .

5. Хөгшин настай хүмүүс болон 4 стакан ус ууж чадахгүй хүмүүс бага багаар эхлээд аяндаа 4 стакан ууж чаддаг болтлоо оролдоорой.

6. Та ингэж өглөө бүр тодорхой хугацаагаар энэ дэглэмийг сахиж чадвал та өвчингөөсөө салж, эрүүл сайхан болж, эрүүл сайхан амьдарч чадна!

ҮҮНД :

1. Хэрэв таны даралт тань ихэсдэг бол 30 хоног тасралтүй энэ aргыг хэрэглээрэй

2. Ходоодны өвчтэй бол 10 хоног.

3. Чихрийн шижинтэй бол 3 хоног.

4. Өтгөн хаталттай бол 10 хоног.

5. Хавдартай бол 180 хоног.

6. Сүрьеэтэй бол 90 хоног.

7. Үе мөчний өвчтэй хүн эхний долоо хоногт ердөө 3 хоног уух ба 2 дахь долоо хоногоос өдөр бүр энэ аргыг хэрэглээд усаа уугаарай.

Цэвэр ус нь биед орсон бүх хоол хүнсийг задалж илүүдэл хаягдлыг тууж гаргаж, гэдэс дотрыг цэвэрлэдэг давуу талтай ба сөрөг нөлөөгүй. Cайндаа л та хэд хэдэн удаа 00 орох хэрэгтэй болно. Ер нь хоолны дараа аяга ус уух нь муу. Учир нь хүйтэн ус нь хоол шингэлтийг удаашруулж таны идсэн хоолноос зөвхөн биед хэрэгтэй зүйлсийг нь биед шингээж тос өөхийг ходоодны хананд хуримдлуулснаар хавдар үүсгэх аюултай. Тиймд хоолны дараа халуун шөл халуун цай ууж байгаарай!

Япон улсын тухай таны мэддэггүй 24 баримт

1. Японы газар нутгийн хэмжээ 372,2 мянган хавтгай дөрвөлжин кило метр. Түүний 70% уул. Үлдсэн хэсэгт нь 127 сая хүн амьдардаг. Нийт нутаг нь 6800 арлаас бүрэлддэг. 200 орчим галт уул байдаг.

2. Япончууд катакан,  ромази, канзи и хираган гэсэн дөрвөн төрлийн бичиг үсэг хэрэглэдэг.

3. Хүүхдээ хүмүүжүүлэх арга нь дэлхийн бүх орноос өөр.

4. Залуучуудын ихэнх нь Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөгийг оросууд хаясан гэж үздэг.

5. Тус улсад лалын шашин хориотой гэдэг гэдэг огт худал цуурхал. Бүх шашныг шүтэх эрхтэй.

6. Амазонкийн шугуйн ой модны хамгийн том хэрэглэгч нь Япон юм.

7. Жилдээ 1500 орчим удаа газар хөдөлдөг.

8. Цукиз загасны зах нь дэлхийд хамгийн томд тооцогддог. Судалгаа нэрийн дор одоог хүртэл халим агнадаг.

9. Караоке хэмээх үг японоор “хоосон оркестр” гэсэн утгатай ажээ.

10. Фугу загасыг бэлтгэхийн тулд япон тогооч хоёр жил суралцдаг.

11. “Гейша” нь жүжигчин гэсэн утга илэрхийлдэг. Хамгийн анхны гейша нар эрчүүд байжээ.

12. Ихэнх компанийн ажилтнууд өглөө заавал гимнастик хийдэг

13.  Япончууд адууны мах түүхийгээр нь зооглох дуртай.

14. Нобелийн шагналтан 18 байдаг.

15. Хүн амын нь 23%  65-аас дээш настай.

16. Сушиг анх гудамжны хоол гэдэг байжээ.

17. Энд гөлөг, мууртай тоглонгоо зоог барьж болох кафенууд байдаг.

18. Японы сургуулиудад гадаад хэлээс зөвхөн англи хэл л үздэг.

19. Эверестийн оргилд гарсан хамгийн ахмад настан Миура Ячиро бөгөөд тэрбээр 70,  75 настайдаа авиралт хийсэн байна.

20. Аягатай хоолондоо савхыг эгц хатган орхихыг үлэмж цээрлэдэг. Нас барсан хүнд ингэж барьдаг ажээ.

21. Өдөрт гурван удаа будаа иддэг ард түмэн зөвхөн япончууд.

22. Швед маягийн ширээтэй зоогийн газруудад дутуу идээд орхисон хоол бүхий таваг огтхон ч харагддаггүй. Учир нь япончууд яг хэмжээнийхээ хэрээр хоолоо авдаг хатуу зарчимтай.

23. Үндсэн хуульдаа армитай байхыг тусгаагүй цорын ганц орон.

24. Япончуудын сууцнуудад төвлөрсөн халаалт байдаггүй. Гэхдээ өвлийн улиралд халтиргаа гулгаанаас сэрэмжлэн замынхаа хэсгийг халаадаг.